Япон улс 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ бүрэн зогсооно

Япон улс эрчим хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлов



Япон улс Фүкүшима АЦС-ын ослоос үүдэн эрчим хүчний шинэ бодлогоо тодорхойлж, 2030-аад оны үеэс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд АЦС-ын ажиллуулах хугацааг 40 жилээр хязгаарлаж байгаа учир одоо ажиллаж байгаа станцууд дурдсан хугацаанд ашиглалтаас бүрэн гарах юм. Мөн нэмж өргөтгөл хийх, шинээр АЦС барьж байгуулахгүй боловч цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологийн хөгжүүлэлтийн ажлыг үргэжлүүлэн хийхээр шийдвэрлэв.

14-ний өдрийн орой хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр "Атомын станцаас хамааралгүй нийгмийг аль болох хурдан бодит зүйл болгоно, 2030-аад оны үеэс АЦС-уудыг бүрэн зогсоохын төлөө төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Үүнд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл голлох хувийг эзлэх төлөвтэй байна.

Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх цөмийн эрчим хүчний хэмжээг  2030 он гэхэд 0%, 15%, 20-25% болгох 3 хувилбараар, тус улсын олон нийт, засгийн газрын болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд явуулсны эцэст энэхүү шийдвэрийг гаргаж байна.

Фүкүшимагийн осол нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст хамаарагддаг тус улсын АЦС-уудыг байгалийн гамшигаас найдвартай хамгаалах боломжгүй гэдгийг нотлон харуулсан юм. Мөн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа дээрх шийдвэрт ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал сүүлийн саруудад долоо хоног бүрийн баасан гаригт ерөнхий сайдын ажлын байрны ойролцоо АЦС-ыг эсэргүүцэгчдийн цуглаан тогтмол хийгдэх болсон юм.

Гэхдээ эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурьтай байна. Тэд цөмийн эрчим хүчнээс татгалзсанаар эрчим хүчний хангамжид удаан хугацааны ноцтой доголдол үүснэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа атомын станцуудад шаардлагатай мэргэжлийн ажиллагсадыг хадгалж үлдэхэд саад болно гэжээ.

2010 оны байдлаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч 26%, сэргээгдэх эрчим хүч 10%, байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүнээр ажиллах станцууд 63%-ийг тус тус эзлэж байсан юм. Мөн ирэх 20 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 45%-д, сэргээгдэх эрчим хүчийг 20%-д тус тус хүргэхээр ослоос өмнө төлөвлөж байжээ.


Мэдээллийн эх сурвалж, technologyreview болон NHK

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/2012/09/blog-post_16.html

2012-10-9,15:20 | Ангилал: Мэдээ
Илгээх | 1858 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant