xvv

Олон хүн зөөврийн компьтерынхаа баттерейг салгаж тавиад ашиглах нь зөв, баттерейг дуусгаад цэнэглэх нь сайн, залгаатай удаан байлгаж болохгүй зэрэг буруу ойлголттой байдаг. Үүнээсээ болж баттерейгаа амархан нураадаг. Тэгвэл баттерей нь ямар төрлийнх гэдгээсээ хамаараад арчилгаа нь өөр байдаг байна. Сүүлийн үед бараг бүх электрон хэрэгсэлд хэрэглэгдэж байгаа цэнэглэдэг баттерей нь Литийн ион (Li-ion) ашигласан байдаг.

iphonebatterylion
Зураг: iPhone утасны баттерей (Li-ion гэсэн бичгийг харж байгаа байх. Lithium ion ч гэж бичсэн байдаг)


Баттерейгаа нураахгүйн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
  1. Боломжтой бол цэнэгийг нь 40-80%-тай байлга. Зарим нөүтбүүк компьютерт цаанаасаа 80%-аас дээш цэнэглэхгүй тохиргоотой байдаг. Ийм тохиолдолд байнга цэнэглэгчид залгаж байхад баттерей нурахгүй. Та шөнөжин өдөржин залгаж орхисон ч баттерей чинь нурахгүй. Ер нь сүүлийн үеийн компюьтер, гар утас гэх мэт нь зайгаа 100% болж дүүрэнгүүт цэнэглэхээ зогсоодог болсон тул байнга залгаатай байсан ч тийм муу зүйл огт байхгүй. Боломжтой бол залгаастай л байлгах хэрэгтэй.
  2. Баттерейг нөүтбүүкнээсээ салгаж ашиглах хэрэггүй. Харин дээр хэлсний дагуу 80% хүргээд цэнэглэгчээ салгаад 40% хүргээд залгаад байж болно. Гэхдээ ингэж залга салгаад байхаар залгуур амархан эвдэрдэг. Ямартай ч утас компьютерыг бага багаар цэнэглэх нь дээр.
  3. Баттерейн цэнэгийг хэзээ ч бүрэн дуусгаж болохгүй. Ер нь л аль болох 20%-аас доош оруулахгүй байхыг хичээгээрэй. Тэгэхээр удаан ашиглахгүй хадгалж байгаа бол үе үе дүүртэл нь цэнэглэж орхиорой. Хичнээн дүүрэн цэнэгтэй ашиглахгүй байсан ч аажимдаа баттерей цэнэгээ алддаг тул үе үе 80% орчим цэнэглээд хадгалах хэрэгтэй. Хэрэв литийн ионы баттерейн цэнэгийг бүрэн дуусгавал бүрэн нурдаг.
  4. Өөрийнх нь цэнэглэгчийг ашигла. Гүйдлийн хүч өндөртэй буюу Ампер өндөртэй хурдан цэнэглэдэг цэнэглэгч хэрэглэхээс татгалзаарай. Жишээ нь Samsung-ын утаснууд, iPhone iPad-ны цэнэглэгч залгуур нь адил ч гүйдлийн хүч нь өөр байдаг. Тиймээс өөрийнх нь л цэнэглэгчийг хэрэглэх хэрэгтэй. Бас шинэ цэнэглэгч авахдаа баталгаа муутай муу цэнэглэгч авснаас хуучныгаа засуулаад хэрэглэх нь дээр. Нөгөөтэйгүүр хуучин зүйлээ эвдрэхэд нь засаад хэрэглэх нь эко буюу байгальд ээлтэй сонголт юм шүү. Ер нь л анх өөртэй нь ирсэн цэнэглэгч нь хамгийн сайн тохирно.
  5. Хэт халуун хүйтэнд орхихгүй байх. Баттерейг бас нэг алдаг зүйл бол энэ юм. Машиндаа битгий орхи, цонх нарнаас хол байлгахаас эхэлнэ. Ер нь бараг бүх электрон хэрэгсэл дээр халуун наранд тавихгүй байхыг сануулсан сануулга заавар дээр нь байдаг. Ер нь бол халуун нь баттерейг жинхэнэ алдаг нэг гол хүчин зүйл юм. Хэт халуунд дэлбэрэх хүртэл аюултай.
  6. Battery calibration (Баттерейны тохиргоо) хийж байх. 30 орчим цэнэглэлт тутамд нэг удаа зайг нь бүрэн дуусгаад буцаагаад дүүртэл нь цэнэглэж байх нь баттерейг нурахаас сэргийлдэг гэнэ. Ингээд цэнэглэлтээ тоолох нь боломжгүй тул сардаа 1 удаа ч юм уу хийж байхад болно. Зарим нөүтбүүк компьютер өөртөө ийм функцтэй байдаг.
  7. Шинэ баттерей авахдаа сайныг ав. Нэгэнт баттерей нурсан бол сайн чанартай баттерей сонгож аваарай. OEM буюу яг өөрийнх нь үйлдвэрлэгчийнхийг сонговол мэдээж хамгийн илүү.
  8. Дээрх заавар нь Ni-Cd, NiMH баттерейнуудад тохирохгүй гэдгийг санаарай. Зөвхөн Li-ion баттерей.
Цэнэгтэй холбоотой бусад нэмэлт зөвлөгөө:
  • Хэрвээ гар утас, эсвэл компьютер чинь баттерейгаа муу бариад, халаад, гацаад, сэнс нь байнга хүчтэй ажиллаад байгаа бол хэрэглэдэггүй аппуудаа устгаад үзээрэй. Бас хэрэгтэй зүйлээ сайн хадгалж аваад Фактор рэсэт буюу бүх зүйлийг нь устгаж үйлдвэрээс анх гарсан шиг нь болгоорой. Учир нь зарим муу апп, програмууд хэт ачааллаад баттерейг хурдан дуусгаад байх тохиолдол байдаг.
  • Хэрэггүй үед Wifi, 3G, Bluetooth унтрааж байх. Эдгээр нь илүү их цэнэг хэрэглэдэг. Тиймээс онц хэрэггүй үед унтрааж байвал цэнэгээ удаан барих боломжтой.
  • Дэлгэцийн гэрлийн хэмээг тохируулах. Хэрэгтэй юм хийж байх үедээ цэнэг дуусах гээд байвал дэлгэцийн гэрлийг багасгах нь нэлээн удаан цэнэгээ барих боломж олгодог. Утас, компьютерт бүгдэд нь ийм тохиргоо байдаг.
  • Яаралтай үед Airplane mode буюу Онгоцны нислэгийн горим дээр нь тавиад цэнэглэхэд илүү хурдан цэнэглэгддэг. Гэхдээ энэ үед дуудлага хүлээн авахгүй болно.
Та ч бас үүнээс илүү өөр зүйл мэддэг бол сэтгэгдлээр хуваалцаарай.



Холбоотой нийтлэлүүд:

  • 3666
  • 1
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

App Store deer toli bichig zohij oor bna yaj zohij ve
Зочин хэзээ бичсэн: 2015-06-19 20:52 | |



:-)