Г.Оюунбаяр: Хэдий дараалсан тоонууд байсан ч гайхамшиг мэт санагдаж билээ
1980 оны есдүгээр сарын 26-нд Монгол Улсад дижитал технологи ашиглан дата мэдээллийг дамжуулсан анхны өдөр тохионо. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бид тухайн үед ажиллаж байсан компьютерийн инженер-электронч асан Г.ОЮУНБАЯРТАЙ ярилцлаа.
-Тухайн үед тоон мэдээллийг дижитал хэлбэрээр дамжуулсны ач холбогдол юу байсан бэ?
- Өнөөдөр л үүний ач холбогдлыг хүмүүс илүүтэй мэдэрч байгаа байх. Яг энэ өдөр Монгол Улсын санхүү бүртгэлийн тэргүүний ажилтнуудын II зөвлөгөөн болж байсан юм. Энэ зөвлөгөөнд тухайн үеийн удирдагчид, тэр дундаа Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх болон Улс төрийн товчооны төлөөлөгчид оролцсон юм. Энэ зөвлөгөөний үеэр мэдээлэл дамжуулах шинэ технологийг анх танилцуулж, дижитал мэдээлэл явуулж байлаа. Тухайн үед телефон утсаар цахилгаан мэдээлэл явуулдаг байснаа модемийг анх ашигласан юм. Модем хэдий удаан байсан ч, тэр үед ашиглаж байсан ТА-63 телетайпаас дор хаяж 5-10 дахин илүү хурдтай, мэдээ ямар ч алдаагүй орж ирдэг (контрол бит, цикл алгоритм зэргээр шалгагддаг, зөрөө гарсан байвал тэр блокийг автоматаар давтан дамжуулдаг тул), тэгсэн атлаа файлууд аймаг бүрийнхээ директорид орчихдог байв. Энэ бол хурд, автоматжуулалт, өртөг зэргийн хувьд ч том дэвшил байсан.
-Дижитал хэлбэрээр мэдээллийг хэдий хэмжээний хурдаар явуулж байсан бэ?
-Статистикийн төв газрын дэргэд байгуулагдсан Үндэсний тооцоолон бодох төв буюу одоогийн Үндэсний статистикийн хорооны байрны хоёр давхарт 330 ам метр талбайтай датацентрийн зориулалтаар тоноглосон танхимд бид ажиллаж байлаа. Энэ танхим маань одоо ч тэр үед хийсэн зориулалтын давхар шалтайгаа байдаг. Бид хамгийн эхлээд 300 вт-ын хурдаар хотод 60 тэмдэгтийг нэг секундэд дамжуулсан. Гол нь бид Улаанбаатараас аймаг, сумдад суурилуулсан терминалтай тийш татсан телефон шугам, тоон технологиор мэдээлэл солилцох процессыг автоматжуулах зорилготой ажиллаж байсан. Энэ нь телефоны шугамаар тоо, текст (цахилгаан мэдээ) дамжуулах бол маш бага хугацаанд алдаагүй, найдвартай дамжуулж, шугамыг чөлөөлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, зарим хүн оролцдог дамжлагыг чөлөөлнө гэдгийг бодитой харуулах явдал байлаа. Тус мэйнфрейм дээр Монгол Улсын нэг жил, таван жил, урт хугацааны төлөвлөгөөг математик загварчлалын тусламжтай оновчтой болгох, мэдээллийн сангууд байгуулах, статистикийн мэдээ боловсруулах, үйлдвэрүүдийн тооцоо, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захиалгыг гүйцэтгэх, тухайлбал, даацын хавтангийн нөөц тооцох, автобусны маршрут, буудал, тоог оновчтой болгох гэх мэтээр 1991 он хүртэл амралтын өдөргүй 24 цагаар ажиллуулсан.
-Тухайн үед ямар мэдээллийг дижитал хэлбэрээр дамжуулсан бэ?
-Би үүн дээр дандаа тоонууд бичиж IBM360-ын санах ойд хадгалж орхисноороо маркетингийн алдаа хийсэн. Үзэсгэлэн үзэгчийн олонход жирэлзсэн тоонууд технологийн ололтыг бүр ойлгомжгүй болгож байсныг сүүлд нь мэдсэн минь харамсалтай. Би яарсандаа болоод хүснэгт харж тэмдэгт бүрийг нийлээд утгатай өгүүлбэр болгож кодлоогүй юм. Ядаж "Мэдээллийг IBM360 мэйнфрэйм компьютер өөрөө холбооны шугамаар тоон технологиор явуулж байна, зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэе!", эсвэл тэр үед нийтлэг байсан уриа “БНМАУ мандтугай”, “МАХН мандтугай” зэрэг үг уриаг бичих байсан байна лээ. Ингээгүй учир зөвлөгөөний төлөөлөгчдийн ихэнх 01234 ... гэх мэт тоонуудын учрыг олоогүй. Ер нь мэдээлэл шинэ буюу тоон хэлбэрээр мэйнфрэйм компьютерээс холбооны шугамаар дамжин ирж байна гэдгийг ойлгоогүй. Цөөн хүн телетайп солигдох юм байна гэцгээсэн нь бас дэвшил байв. Харин мэргэжилтнүүд бүгдийг ойлгосны зэрэгцээ зарим сайд, УТТ-ны гишүүд, Ерөнхий сайд Ж.Батмөнх нар гадаадад ашигладаг тоон технологийг манайд ч нэвтрүүлж болох юм байна гэсэн ойлголттой болсон нь хожим нэмэр болсон. Хэдий дараалсан тоонууд байсан ч тухайн үед маш гайхамшиг мэт санагдаж байлаа.
-Ямар технологи ашиглаж байсан бэ?
-Тооцоолон бодох төвд 1979 онд суурилуулсан “ФЕБ Роботрон” комбинатад үйлдвэрлэсэн Герман улсаас авсан IBM360 загварыг ашигласан. Тухайн үед нэг сая гаруй ам.долларын үнэтэй эд байлаа. Одоогийнхоор бол маш том хөрөнгө оруулалт байсан.
-Дижитал мэдээлэл дамжуулснаар ямар давуу талууд бий болсон юм бэ?
-БНМАУ-д компьютерийн сүлжээ байгуулж эхний удаа аймгуудын Статистикийн хэлтсийг Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвтэй холбож мэдээ авах процессыг шуурхай болгож, улмаар автоматжуулах, ингэснээр мэдээ боловсруулах хугацаа багасаж, чанар нь сайжирна гэсэн хүсэлтийг холбооны шугам шалгасан протокол, битийн алдааны магадлал аль ч аймагтай холбогдоход 10-ын хасах 6-аас буюу саяны нэгээс бага гэсэн дүгнэлтийн хамт НҮБ-д явуулсан. Үүний өмнө НҮБ-д улсын хэмжээний компьютерийн сүлжээ байгуулах хүсэлт тавихад тэд зөвхөн статистикийн мэдээлэл дамжуулах систем байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж хариулсан юм. Жилийн дараа шийдвэр гарч НҮБ-аас МON79/PO3 төслийн өргөтгөл хийх судалгааны баг ирж аймгуудтай мэдээлэл сувгийн үзүүлэлт, Тооцоолон бодох төвийн датацентрийн зай, талбай, мэргэжилтнүүдийн чадвар, тоо зэрэгтэй танилцаад явснаас хойш удалгүй СТГ-ын ТБТ-д компьютерийн сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх тендер олон улсад зарлан шалгаруулалт, гэрээ байгуулах, нийлүүлэлт гэсээр байтал 1983 он гарсан. Энэ онд бүх аймгийн төвд мини компьютер МЕРА-100 суурилуулаад 1200/2400 бодийн хурдтай модемоор IBM360-д холбогдсон, олон сувагтай телепроцессор ЕС-8371-оор, аппликейшн ашиглаж мэдээг автоматаар авдаг болсон тэр үеэс одоо мэдээлэл дамжуулах хурд хэдэн сая дахин хурдтай болж хөгжсөнд баярлаж явдаг.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Herhen holboo barih ve?