Админ

 За ойрд бие чилээрхээд компьютер дээрээ сууж чадсангүй. Ингээд зарим хүмүүсийн асууж сонирхож байдаг нэгэн зүйлийг хөндөн бичихээр шийдлээ. Нээлттэй эх бүхий програм хангамж, ОпенМН холбоо ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Ямар зорилготой яаж оршин тогтнох юм? гэж хүмүүс асуудаг. Тус бүрд нь би имэйлээр хариулт хэлдэг байв.
Мөн зарим хүмүүс нээлттэй эх бүхий програм хангамжийг үзэн ядаж өөрийнх нь бизнест сөргөөр нөлөөлж байгааг онцолдог. Тэдгээрийн нэгэнд Билл Гейтс ч орно. Тэрээр нээлттэй эх бүхий програм хангамжийг хөгжүүлэгч FSF-г компьютерын шинжлэх ухааны хорт хавдар ч гээд хэлээд авсан удаатай. Энэ бол том эндүүрэл. Гэхдээ хүн бүр янз бүрээр хүлээн авах бизээ.
За миний хувьд компьютерын шинжлэх ухааны зөв хөгжил бол нээлттэй эх бүхий програм хангамж гэдэгт итгэдэг. Компьютерын програм хангамжийн хөгжлийг аварч маш том дэвшил авчирсан гэж үздэг. Хамгийн энгийн жишээ гэхэд олон зуун программистууд ихээхэн зүйлд суралцсан биз. Олон зуун санхүүгийн боломжгүй боловч чадварлаг залуус өөрийн хэрэгцээндээ шаардлагатай програмыг зохиогоод бусдад буян үйлдэж үнэ төлбөргүй цацсан байх. Үүнд буруу нь юу байна?
Худалдааны програм хангамжид нээлттэй эх бүхий програм тийм их саад болдог гэж үү? Миний бодлоор үгүй ээ харин ч бүр эсрэгээр. Хэрвээ худалдаж байгаа л юм бол худалдааны програм хангамжууд нээлттэй програм хангамжаас илүү байг л дээ. Тиймээс харин ч түүнд шалгуур болж чанаржуулж байгаа юм биш үү? Мөн нийгэмд үзүүлж байгаа хамгийн том ашиг тус нь хууль бус үйл ажиллагааг олон хувиар багасгаж өгч байна. Жишээ нь манай монголчууд шиг өндөр үнэтэй програм хангамж худалдаж авах боломжгүй хүмүүс яаж хууль ёсоор тэдгээрийг хэрэглэх билээ? Үргэлж кракдаад хууль бус үйлдэл хийгээд сууж байх уу? Тэгвэл нээлттэй програм хангамж нь харин худалдааны програм хангамж эсвэл хууль ёсны нээлттэй эх бүхий үнэгүй програм хангамж хэрэглэнэ үү гэсэн сонголтыг бий болгож өгснөөр таны бизнес хийж буй худалдааны програм хангамжийг эвдэж сүйтгэхээс хамгаалж байгаа бус уу?
Програм хангамж бол зөвхөн бизнес хийх хэрэгсэл бишээ. Хүн төрөлхтөн болон бусад шинжлэх ухаануудыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн мөн. Өөрийн гэсэн тохирсон үнэ өртөгтэй байх хэрэгтэй харин хэтрүүлэн үнэлэх нь түүний хөгжилд харин ч сөрөг нөлөөтэй.
Бид ОпенМН холбоог байгуулан монголдоо информатикын шинжлэх ухааныг хууль ёсоор нь хөгжүүлэхэд багахан ч болов хувь нэмэр оруулахыг зорьсон билээ. Бид монголд худалдааны програм хангамжийн үйл ажиллагаа явуулж буй газруудад ямар ч саад тотгор болоогүй. Харин хууль бусаар хэрэглэгдэж байгаа микрософт виндовс болон бусад томоохон програм хангамжуудыг нээлттэй эх бүхий хууль ёсны альтернатив боломж болох Линүкс/Юникс системүүд болон тэдгээр дээр ажилладаг мянга мянган програмыг сурталчилан дэлгэрүүлэхийг зорьсон билээ. Үүний тулд монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой болгож хөгжүүлэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм хэмээн үзэж өнөөг хүртэл энэ үйлсийн төлөө зүтгэж байна. "Програм хангамжийг хууль ёсоор нь худалдан авах эсвэл үнэ төлбөргүй нээлттэй эх бүхий програм хангамжийг хэрэглэх" гэсэн хоёр сонголт оршин тогтнож байж информатикийн шинжлэх ухаан зүй зохистой эрүүлээр хөгжих болов уу хэмээн бодож байна.

 Эх сурвалж: http://bolorcms.com/badaa/

Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл энд дар

  • 6193
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: